Хэнгэрэгний дуу
“Хүү минь… энэ бол зүгээр домог биш.” гэж хэлсэн ч Ганзориг тоогоогүй. Тэр орой тосгоны захад байдаг хуучин модон байшинд ганцаараа хонож байв.
Архангайн уулсын дунд, модоор хүрээлэгдсэн жижигхэн нэг тосгон байдаг байжээ. Өвөл нь урт, шөнө нь дэндүү нам гүм. Салхи моддын завсраар исгэрэхээс өөр чимээ бараг гардаггүй газар.
Гэхдээ тосгоныхон нэг зүйлээс үргэлж болгоомжилдог байв.
Шөнө дунд сонсогдох хэнгэрэгний дуу.
Хууччуул ярьдаг. Олон жилийн өмнө энд Дашзэвэг гэдэг хүчтэй бөө амьдардаг байсан гэнэ. Тэр уул, усны эзэдтэй ярилцаж, өвчин зовлонг анагааж, хүмүүсийг хамгаалдаг байжээ.
Гэвч нэг өвөл тосгонд муу ёрын зүйл орж ирсэн гэдэг.
Мал сүрэг шөнөдөө учиргүй үргэж, нохойнууд гасалж хуцдаг болжээ. Зарим хүмүүс шөнө хээр талаас хэнгэрэгний дуу сонсдог болсон байна.
Дашзэвэг бөө тэр сүнсийг дарахаар нэг шөнө ганцаараа зан үйл хийж уул руу явсан гэдэг.
Маргааш нь тосгоныхон бөөний гэрт орж үзэхэд хүн байгаагүй.
Зөвхөн газар дээр хагарсан хэнгэрэг, бас хаалганы үүдэнд хүний биш том хөлийн мөр үлдсэн байжээ.
Тэр өдрөөс хойш хүмүүс нэг зүйлийг сайн мэддэг болсон.
Хэрвээ шөнө хэнгэрэг дуугарвал цонхоор бүү хар.
Хэрвээ харвал… тэр чамайг харна.
Олон жилийн дараа хотод өссөн нэгэн залуу Ганзориг судалгааны ажлаар энэ тосгонд ирэв.
Тэр их сургуулийн оюутан бөгөөд Монголын домог, мухар сүсгийн тухай материал цуглуулж явсан юм.
Орой гал дээр цай буцалгаж суухдаа тосгоныхны яриаг сонсоод тэр инээмсэглэв.
“Сүнс, бөөний хараал гэж юу байх вэ дээ.” гэж хэлэв.
Ахмад өвгөн түүн рүү удаан харснаа:
“Хүү минь… зарим домог зүгээр домог биш байдаг.” гэж намуухан хэлсэн.
Гэхдээ Ганзориг тоогоогүй.
Тэр орой тосгоны захад байдаг хуучин модон байшинд ганцаараа хонож байв.
Шөнө дунд болж, гадаа салхи моддын дундуур шуугина.
Тэгтэл гэнэт…
Үргэлжлэл

